ДАТА: Багшийн цалин Монголд 2.9-4.7 сая, БНСУ-д 14 сая, Ирландад 22 сая төгрөг байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 50 секунд

Монгол Улсын оршин тогтнох гол үндэс бол бидний ирээдүй болсон бяцхан сурагчид билээ. Харин тэдний ирээдүйг бэлтгэж, эрдэм мэдлэгийн замд хөтөлдөг хүмүүс бол багш нар. Өнөөдөр “ирээдүйг бэлтгэгч” эрхэм багш нарын баярын өдөр.

Энэ өдрийг тохиолдуулан Азийн хөгжингүй орнуудын нэг, бидний хөрш БНСУ, Европын хөгжингүй орнуудын нэг, дэлхийн хүчирхэг паспортуудын тоонд багтдаг Ирланд болон Монгол Улсын ЕБС-ийн багш нар сард хэдэн төгрөгийн цалин авч байгааг харьцуулан харлаа.

Доорх дүн нь НДШ болон татвар суутгахаас өмнөх цалин юм.

- МОНГОЛ БАГШИЙН ЦАЛИН 2.9-4.7 САЯ ТӨГРӨГ -

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш, боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлснээр ЕБС-ийн багшийн үндсэн цалин 2.2 сая төгрөг болжээ.

Гэхдээ багшийн нийт цалин зөвхөн үндсэн цалингаас бүрдэхгүй. Ажилласан жил, мэргэжлийн зэрэг, орон нутгийн нэмэгдэл, илүү цаг, анги даалт, кабинетийн нэмэгдлээс шалтгаалан харилцан адилгүй байна.

Тухайлбал, 2026 оны цалингийн тооцооллоор шинэ багш нийслэлд 2.9 сая, аймагт 3.2 сая, суманд 3.5 сая төгрөгийн цалин авах боломжтой. Харин 20-иос дээш жил ажилласан туршлагатай багшийн цалин 3.5-4.1 сая төгрөг байна.

Нэмэгдэл, урамшууллыг боломжит хамгийн өндөр хэмжээгээр тооцвол туршлагатай багшийн сарын цалин 4.7 сая төгрөгт хүрэх боломжтой.

- БНСУ-д 15 ЖИЛ АЖИЛЛАСАН БАГШИЙН ЦАЛИН 14 САЯ ТӨГРӨГ -

Боловсролын үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог БНСУ-д багшийн цалин ажилласан жил нэмэгдэхийн хэрээр шатлан өсдөг.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын 2025 оны мэдээллээр тус улсад 15 жил ажилласан дунд сургуулийн багш жилд 64.8 сая вон, сард ойролцоогоор 5.4 сая вон авдаг. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 14 сая гаруй төгрөг гэсэн үг.

Сонирхолтой нь, БНСУ-д 15 жилийн туршлагатай дунд сургуулийн багшийн тогтоосон цалин ижил түвшний боловсролтой бусад ажилтны дундаж орлогоос 29 хувиар өндөр байна. Харин цалингийн хамгийн дээд шатанд хүрэхийн тулд 37 орчим жил ажилладаг.

- ИРЛАНД БАГШИЙН ЦАЛИНГИЙН ДУНД ШАТЛАЛ 22 САЯ ТӨГРӨГ -

Таван сая гаруй хүн амтай Ирланд улс багшийн цалинг ажилласан жил, туршлагаас нь хамаарч шатлалтай тогтоодог.

Ирландын цалин, татварын мэдээлэл, тооцооллыг нэгтгэн хүргэдэг Income.ie сайтын 2026 оны мэдээллээр багшийн жилийн үндсэн цалин 43.8-86.3 мянган евро байна. Тус сайт мэдээллээ Ирландын Боловсролын яамнаас гаргасан албан ёсны цалингийн шатлалд үндэслэн тооцжээ.

Цалингийн шатлалын дунд түвшнийг авч үзвэл багш жилд ойролцоогоор 65 мянган евро, сард 5,400 орчим евро авна. Үүнийг төгрөгт шилжүүлбэл сард 22 сая орчим төгрөгийн цалинтай гэсэн тооцоо гарч байна.

Ингээд зөвхөн мөнгөн дүнгээр харвал Монголд багшийн сарын цалин 2.9-4.7 сая төгрөг, БНСУ-д 15 жилийн туршлагатай багшийнх 14 сая гаруй төгрөг, Ирландад цалингийн шатлалын дунд түвшин 22 сая орчим төгрөгтэй тэнцэж байна.

О.Алуунгуа

Өвөрхангай аймагт “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо
Өвөрхангай аймагт “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!