Залуус нэгдэж “Реформ” клуб байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Монгол Улсад шинэчлэл хэрэгтэй байгаа ч юуг, хэрхэн, ямар арга замаар өөрчлөх талаар бодитой хэлэлцүүлэг, шийдэл дутмаг байна гэж үзсэн хэсэг залуус нэгдэн “Реформ” клуб байгуулж, өнгөрсөн бямба гарагт анхны уулзалтаа хийжээ.

Тус клубийг санаачлагчид хоосон хийрхэл, хуурай шүүмжлэлээс илүүтэйгээр бодит шийдэл, мэргэжлийн байр суурь, нэгдмэл үнэт зүйл, нийгмийн зөв цэгцрэл өнөөдөр илүү шаардлагатай болсон гэсэн итгэл үнэмшлээр нэгдсэн байна.

Тэдний үзэж буйгаар намууд доторх явцуу ашиг сонирхлын бүлгүүд төрийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нийгмийн хэт туйлшрал даамжрахын зэрэгцээ авлига, хүнд суртал, шударга бус байдлыг үл тэвчих иргэдийн бухимдал нэмэгдсээр байгаа аж. Энэ бүхний эцсийн хохирогч нь иргэд өөрсдөө, мөн ирээдүй хойч үе болж байгаа бөгөөд өнөөгийн асуудлын төлөөсийг үр хүүхдүүд үүрэх ёсгүй гэж тэд үзэж байгаагаа илэрхийлжээ.

Анхны уулзалтад оролцсон залуус асуудлыг зөвхөн шүүмжилж, буруутгаад өнгөрөхөөс илүүтэйгээр шинэчлэлийн бодит санал, шийдэл боловсруулж, бодлого тодорхойлох түвшинд идэвхтэй оролцон нөлөөлөх шаардлага бий болсон гэсэн байр суурь дээр санал нэгдсэн байна.

Уулзалтын үеэр нийгэм, улс төр, эдийн засаг, намын тогтолцооны шинэчлэлээс эхлээд боловсрол, эрүүл мэнд, технологийн салбар зэрэг Монгол Улсын ирээдүйн хөгжил, иргэн бүрийн амьдралд хамаарах асуудлуудыг хэлэлцжээ. Цаашид эдгээр чиглэлээр салбар бүрийн шилдэг мэргэжилтэн, судлаачдын оролцоотойгоор хамтын хүчээр шийдэл боловсруулах нь клубийн үйл ажиллагааны гол зорилго байх юм байна.

Клубийнхэн уулзалтын төгсгөлд “Шинэчлэлийг бидний өмнөөс хэн ч хийхгүй. Харин бид өөрсдөө хийх ёстой. Нийгмийн өөрчлөлт, хөгжилд иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд чиний, таны, бидний оролцоо л нийгэмд гэрэл асаана” хэмээн онцоллоо.

17 настай хүү автомашин жолоодож, зөрчил гаргажээ
17 настай хүү автомашин жолоодож, зөрчил гаргажээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!