
Шинэ хичээлийн жил эхлээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдын сурах бичгийн асуудал багш, эцэг эхчүүдийн анхаарлын төвд байлаа.
2026-2027 оны хичээлийн жилийн онцлогоос шалтгаалан нэгдүгээр ангид шинээр элсэн орсон сурагчид эхний нэг сарын хугацаанд сургууль, анги танхимдаа дасан зохицох, сурагчийн үүрэг хариуцлагаа ойлгох, сургуулийн орчинтой танилцах чиглэлээр Боловсролын яамнаас боловсруулсан “Би сурагч боллоо” гарын авлагыг ашиглан хичээллэж байгаа юм.
Харин шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн дагуу нэгдүгээр ангийн сурах бичиг хэзээ хэвлэгдэж, сургуулиудад хүрэх нь хичээлийн жилийн эхэнд тодорхойгүй байсан нь эцэг эх, багш нарын дунд хүлээлт үүсгээд байв.
-Х.Тамир: Тендерт шаардлага хангасан компани байгаагүй-

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир есдүгээр сарын 8-ны өдөр мэдээлэл өгөхдөө нэгдүгээр ангийн сурах бичиг шинэчлэгдэж буйтай холбоотойгоор зохиох, хэвлэх, түгээх ажлыг тендерээр шийдвэрлэж байгаа талаар мэдээлсэн.
Тэрбээр “Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендер зарласан. Тендерийг зургаадугаар сарын 11-нд зарлаж, долоодугаар сарын 27-нд нээсэн ч шаардлага хангасан компани байгаагүй тул дахин наймдугаар сарын 5-ны өдөр тендерийг нээсэн. Шалгаруулалт есдүгээр сарын 9-нд болно. Шаардлага хангасан байвал сурах бичгийг хэвлэх ажлыг эхлүүлж, аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувь ашиглалтад оруулна” гэсэн юм.
Гэвч есдүгээр сарын 30-ны байдлаар нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, номын санч, бага ангийн багш нар сурах бичиг яг хэзээ ирэх талаар тодорхой мэдээлэлгүй байсан юм.
-Төлөвлөгөөгөө эртхэн гаргаад, асуудлаа эрт шийдэж болдоггүй юм байхдаа-
Энэ талаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эцэг эхээс байр суурийг тодруулахад сурах бичиг хэвлэгдэж, сургуулиудад хүрсэн талаарх мэдээлэл одоогоор олдохгүй байгаа талаар хэлж байлаа.
Эцэг эхчүүдийн төлөөлөл “Сурах бичиг хэвлэлээс гарсан гэх мэдээлэл олдохгүй л байна. 10 дугаар сарын 1-нээс ашиглалтад орно гэж байсан. Одоо ч яах вэ сургуультайгаа танилцах, дасан зохицох гэсэн “Би сурагч боллоо” гээд гарын авлагаар хичээл явагдаж, багш нар нь материал бэлдэж хичээлээ орж байгаа. Есдүгээр сарын эхэн гэхэд л тендерт тэнцэх компани алга гэж байсан. Энэ төлөвлөгөөгөө эртхэн гаргаад, асуудлаа эрт шийдэж болдоггүй юм байхдаа. Бүхэл бүтэн улс орны боловсролын салбар биз дээ. Ганц сургуулийн асуудал бол арай өөр байх. Шат шатандаа л ажлыг цагийг нь тулгаж хийх юм” гэв.
Р.Цэрэндэжид: “Байгаа нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна”

Харин Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш Р.Цэрэндэжидээс сурах бичиггүй нөхцөлд хичээл хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахад:
“2026-2027 оны хичээлийн жил онцлогтой жил. “Би сурагч боллоо” гэх гарын авлагаар хичээлээ нэг сарын хугацаанд үргэлжлүүлж байна. Бид 10 сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн шинэчилсэн сурах бичигтээ шилжих ёстой байсан ч хараахан шилжиж амжсангүй. Тэгэхээр бага ангийн багш нар хоорондоо ярилцаад гарын авлага хийж хичээллэж байна. Өөрөөр хэлбэл, байгаа нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна.
Миний сонссоноор сурах бичиг хэвлэх компани шалгаруулаад хэвлэлийн үе шатанд явж байгаа гэсэн. Хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй байна. Багш, сурагчийн хөтөлбөрт зориулсан шинэ сурах бичиг хэвлэгдэж байгаа л гэсэн. Хүлээж байна. Хэрэв ашиглалтад орохгүй удвал өөрсдийн бэлдсэн гарын авлагаар хичээлээ орохоос өөр аргагүй” гэв.
-"Сурах бичиггүй бол яах вэ” гэх хүлээлт үүсэв-

-74 мянган сурагч сурах бичгээ хүлээж байв-

Улсын хэмжээнд энэ жил 74 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Тэдний хувьд хичээлийн жилийн эхний нэг сар нь ердийн хичээлийн агуулгаас илүүтэйгээр сургуульдаа дасан зохицох, сургуулийн орчинтой танилцах, сурагчийн өдөр тутмын үйл ажиллагааг танин мэдэх чиглэлд өнгөрчээ.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат энэ талаар мэдээлэхдээ нэгдүгээр ангийн сурагчид эхний нэг сарын хугацаанд дээрх чиглэлээр хичээллээд, аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээллэхээр төлөвлөсөн талаар хэлсэн.
Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд сурах бичиг бэлэн болсон эсэх талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамираас тодруулахад: “Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр Нийслэлээс албан ёсоор сурах бичиг тараагдаж эхэлнэ. Улсын хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдэж, бэлэн болсон. Харьяа дүүргүүдээс ЕБС-иудад тараагдана. Хөдөө орон нутаг руу мөн явуулах болно” гэсэн мэдээллийг өглөө.
Тэрбээр хэдийгээр ийм мэдээлэл өгч байгаа ч бодит байдал дээр сургуулиудад ном тараагдаагүй, тараагдах мэдээлэл ч ирээгүй багш нар өөрсдөө гарын авлагаа бэлдэн өнөөдрөөс хичээл орохоор бэлдэж буйг багш нар хэлж байгаа юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!