
2026 оны есдүгээр сар Монголын нийгэмд үйл явдал өрнүүн сар байлаа. Хичээлийн шинэ жил, шатахууны хангамж, замын түгжрэлээс эхлээд цэргийн алба хаагчийн амь нас хохирсон хэрэг, фентанил тарианы хангамж, ой хээрийн түймэр, суурьшлын бүсэд орж ирсэн хүрэн баавгай, хар тамхины асуудал, шүүхийн анхаарал татсан хэргүүд хүртэл олон сэдэв олон нийтийн анхаарлын төвд байв.
-Есдүгээр сарын 1 - Хичээлийн шинэ жил эхэлж, шатахууны хангамж анхаарал татав-
2026–2027 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Хичээлийн эхний өдөр дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн талаарх мэдээлэл гарснаар сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал дахин хөндөгдөв.
Үүний зэрэгцээ наймдугаар сараас үргэлжилсэн шатахууны хангамжийн хүндрэл есдүгээр сарын эхээр ч анхаарлын төвд байлаа. АҮЭБЯ есдүгээр сараас ОХУ-аас автобензины нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, аравдугаар сараас өвлийн дизель түлшний хангамжийг тогтворжуулахаар тохиролцсон талаар мэдээлсэн.
-Есдүгээр сарын 2 — С.Молор-Эрдэнийн асуудал олны анхаарлын төвд оров-
С.Молор-Эрдэнийн Монголын түүх, үндэсний үнэт зүйлтэй холбоотой өмнө нь хийсэн мэдэгдлүүд дахин олон нийтийн анхаарлын төвд орж, түүнд холбогдох асуудал цахим орчинд өргөн хэлэлцэгдэв. Түүнийг эрүүгийн хэрэгт шалган, цагдан хорьсон талаарх мэдээлэл гарч, сарын сүүл хүртэл уг асуудал анхаарал татсан сэдвүүдийн нэг байлаа.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
-Есдүгээр сарын 6 -Хоёр сар орчим сураггүй байсан ЗХ-ний 032 дугаар ангийн алба хаагчийн цогцсыг олсон талаар мэдээлэв-

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 25 настай алба хаагч Ц.Л долоодугаар сарын 9-нд ажлаасаа гарснаас хойш сураггүй болсон бөгөөд есдүгээр сарын 6-нд түүний цогцсыг олсон талаар ЦЕГ-аас мэдээлэв.
Уг хэрэгт бусдын гарт амиа алдсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэх мэдээлэл гарч, сэжигтнийг цагдан хорин, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн. Түүнчлэн алба хаагч долоодугаар сарын 9-нөөс сураггүй болсон ч ар гэрийнхэн нь наймдугаар сарын 18-нд мэдсэн гэх мэдээлэл гарснаар тухайн хугацаанд ангийн удирдлага ямар арга хэмжээ авсан бэ гэх асуудал хөндөгдөв.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
-Есдүгээр сарын 8 - Орон нутагт 12 сум шатахууны нөөцгүй болов-
Шатахууны хангамжийн асуудал орон нутагт үргэлжилж, есдүгээр сарын 8-ны байдлаар 12 сум автобензины нөөцгүй болсон талаар АҮЭБЯ-наас мэдээлэв. Тухайн өдөр эдгээр сум руу шатахуун ачихаар болсныг яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлсэн юм.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
-Есдүгээр сарын 10 - Баавгай суурьшлын бүсэд үзэгдэх асуудал хурцдав-
Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол олширсон нь олон нийтийн анхаарлыг татав. Баавгайн идэш тэжээлийн нөхцөл, хуш модны самрын ургацтай холбоотойгоор иргэдийн аюулгүй байдал болон зэрлэг амьтдын амьдрах орчны асуудал зэрэгцэн хөндөгдөв.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Есдүгээр сарын 12–13 - Тэгш, сондгой дугаарын зохицуулалт дуусаж, түгжрэл дахин анхаарлын төвд оров
Наймдугаар сарын 15-наас хэрэгжсэн автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт есдүгээр сарын 12-нд дуусав. Уг зохицуулалт 07.00–21.00 цагийн хооронд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйлчилж байсан юм.
Түр зохицуулалт дууссаны дараа нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн асуудал дахин иргэдийн гол ярианы сэдэв болов.
Есдүгээр сарын 14–17 - Ой, хээрийн түймэр олноор гарав
Есдүгээр сарын 14–17-нд дөрвөн аймаг, нийслэлийн нэг дүүрэгт нийт найман удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдэв. Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймэрт нийт 5,738 га талбай өртсөн талаар мэдээлсэн.
Мөн есдүгээр сарын 16-нд Богдхан уулын Төр хурахын ам орчимд ой хээрийн түймэр гарч, 66 алба хаагч ажиллан тухайн өдрийн 18.15 цагт цурамд оруулжээ.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Есдүгээр сарын 15 - Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэл анхаарал татав
Өвөл ойртож буйтай холбоотойгоор нийслэл болон эрчим хүчний салбар өвөлд хэр бэлэн байгаа асуудал анхаарлын төвд орлоо.
Есдүгээр сарын 15-ны байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц төлөвлөгөөний 94 хувьд хүрсэн байв.
Мөн оргил ачааллын үед эх үүсвэрийн чадал дутагдах, импортын цахилгаан хязгаарлагдах тохиолдолд Улаанбаатар хотод 14 багцаар цахилгаан хязгаарлах төлөвлөгөө гаргасан талаар Эрчим хүчний яам мэдээлэв.
-Есдүгээр сарын 16 - Мэс заслын үед хэрэглэдэг "Фентанил" мэдээ алдуулагч тариа тасалдаад 2 сар орчим болов-

Хагалгааны үеийн унтуулга, өвдөлт намдаалтад хэрэглэдэг "Фентанил- тариа зарим эмнэлгүүдэд хомсдоод байгаа тухай СХД-ийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор цахим орчинд шүгэл үлээж олон нийтийн анхаарлыг татав. Гэтэл төлөвлөгөөт хагалгаа хойшилж байгаа гэх мэдээлэл гарсны дараа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар тайлбар хийсэн.
Тус байгууллагын мэдээлснээр, түүхий эдийн нөөц багассантай холбоотойгоор хомсдол үүсэх эрсдэл бий болсон ч есдүгээр сарын 16-ны байдлаар фентанилын нийлүүлэлт тасалдаагүй гэсэн тайлбарыг өгөв.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу
Есдүгээр сарын 17-18 - Баавгайн дуудлага 80 орчимд хүрэв
2026 онд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай 80 орчим дуудлага бүртгэгдсэн талаар мэдээлэв.
Үүнтэй холбоотойгоор орон нутагт 24 цагийн шуурхай утас, баг ажиллуулах, шаардлагатай тохиолдолд суурьшлын бүсэд орсон баавгайг барьж шилжүүлэн нутагшуулах, автомат камер болон дроноор хяналт хийх арга хэмжээ авахаар болсон.
Есдүгээр сарын 23–24 - Хятад бүсгүй Монголын нэрээр “Miss Grand International”-д оролцсон нь шүүмжлэл дагуулав

“Miss Grand International 2026” тэмцээний албан ёсны бүртгэлд Amber Yuhan нэртэй оролцогч Монгол Улсын төлөөлөгчөөр орж, Монголын төрийн далбаа, улсын нэр бүхий туузтай оролцсон талаарх мэдээлэл тархав.
Түүнийг БНХАУ-ын иргэн гэх мэдээлэл гарснаар “Гадаадын иргэн Монгол Улсыг ямар үндэслэлээр төлөөлж байгаа вэ” гэсэн асуулт цахим орчинд хүчтэй тавигдав. Монголын загварын салбарын төлөөлөгчид ч тэмцээний зохион байгуулагчдад шаардлага хүргүүлж түдгэлзүүлэх хүсэлтээ өгсөн.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Есдүгээр сарын 25 - Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн шалгуулахаар буцаав
Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн хэрэгтэй холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаав.
Шүүх мөрдөн шалгах шатанд зарим ажиллагааг бүрэн хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл тогтоогдсон гэж үзжээ.
-Есдүгээр сарын 25 — Шатахууны хангамж сарын сүүл хүртэл анхаарлын төвд хэвээр байв-
Сарын эхнээс үргэлжилсэн шатахууны нийлүүлэлтийн асуудал сарын сүүлээр ч нийгмийн анхаарлын төвд байлаа. ОХУ, БНХАУ зэрэг эх үүсвэрээс нийлүүлэлт нэмэгдүүлэх, дотоодын нөөцийг тогтворжуулах арга хэмжээнүүд үргэлжлэв.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Есдүгээр сарын 26 - Автомашингүй өдөр, шөнийн марафоныг хамтатган зохион байгуулав
Нийслэл есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026”-ыг анх удаа хамтатган зохион байгуулав. Шөнийн марафон Сүхбаатарын талбайгаас эхэлж, 5, 10, 21 км-ийн зайд болсон.
Гэвч өдөржин үргэлжилсэн замын хаалт, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, бусад замд төвлөрсөн ачааллаас шалтгаалан зарим иргэд бухимдлаа илэрхийлж, марафоныг бус хөдөлгөөний зохион байгуулалтыг шүүмжилсэн юм.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Есдүгээр сарын 27–28 - Цаг агаар огцом хүйтэрч, цас, шуурганы сэрэмжлүүлэг гарав
Сарын сүүлийн өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч, зарим аймгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөв гарсантай холбоотойгоор малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлэг хүргүүлэв.
-Есдүгээр сарын 28 - 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноов-

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал есдүгээр сарын 28-нд үргэлжилж, шүүхээс түүнд 4 жил 6 сарын хорих ял оноов.
Шүүх түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн мөшгисөн зэрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Мөн өмнөх хурлаар хоёр хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт нийт 43.56 сая төгрөг олгохоор тогтоосон байв.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Сарын эхнээс сүүл хүртэл шатахууны нийлүүлэлт тасралтгүй анхаарлын төвд байв. Үүний зэрэгцээ хичээлийн шинэ жилтэй холбоотой замын түгжрэл, эмнэлгийн фентанилын хангамж, ой хээрийн түймэр, суурьшлын бүсэд орж ирсэн хүрэн баавгай, өвөлжилтийн бэлтгэл зэрэг асуудал нийгмийн гол сэдэв болов.
Харин олон нийтийн хэлэлцүүлэг, цахим орчны хувьд С.Молор-Эрдэнийн асуудал, Монголын нэрээр гадаадын иргэн олон улсын миссийн тэмцээнд оролцсон явдал, шөнийн марафоны үеийн замын хаалт, Б.Эрдэнэсүхийн шүүх хурал, Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүхийн ажиллагаа зэрэг нь есдүгээр сарын хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн тоонд багтав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!