СУРВАЛЖИЛГА: “Иргэдийн хүнсний сонголт өөрчлөгдөж, төмс, лууван гэхээс илүү шим тэжээлтэй ногоо авах нь ихэссэн”

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 11 секунд

“Төмс хэд вэ”, “Луувангийн үнэ хэд байна” гэх асуулт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд хаа сайгүй сонсогдоно. Нэг лангуун дээр шинэ ургацын ногоо өрөөстэй байхад дараагийнх дээр нь нутгийн онцлог бүтээгдэхүүн, цагаан идээ, дарсан ногоо, савласан хүнс эгнэн харагдана. Хүмүүс асар бүрийн өмнө саатан, бүтээгдэхүүнийг сонирхож, үнэ ханшийг нь асуун, хэрэгтэй зүйлээ сонгон авч байлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн намрын ургацын өнгөөр дүүрчээ. Энэ бол “Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаа юм. 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд 21 аймгийн үйлдвэрлэгч, тариаланчид оролцож, шинэ ургац болон нутгийн брэнд бүтээгдэхүүнээ нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байна.

Талбайгаар алхахад аймаг бүрийн бүтээгдэхүүн өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй байх аж. Сэлэнгийн шинэ ургацын ногоо, нутгийн бүтээгдэхүүнээс эхлээд цагаан идээ, боловсруулсан хүнс хүртэл нэг дор дэлгэгдсэн нь намрын ургацын худалдааг зөвхөн ногоо борлуулах талбай биш, орон нутгийн үйлдвэрлэлээ танилцуулах томоохон цэг болгожээ.

ШИНЭ УРГАЦЫН НОГООНЫ ҮНЭ 1,500 ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Энэ жилийн шинэ ургацын худалдаанд төмс, байцай, лууван зэрэг өдөр тутамд өргөн хэрэглэдэг хүнсний ногооноос гадна төрөл бүрийн шинэ сортын нарын ногоо нүдэнд тусна. Ажиглахад шинэ ургацын төмс, байцай, лууван 1,500-3,000 төгрөгийн үнэтэй байгаа бол ааруул ээзгий зэрэг цагаан идээ 20,000-60,000 төгрөгийн үнэтэй байна.

Хүнсний ногоо сонирхож буй хүмүүсийн дунд бага хэмжээгээр өдөр тутмын хэрэгцээндээ тааруулан ногоо авах нэгэн байхад, өвлийн хүнсний хэрэгцээгээ базаахаар хэд хэдэн төрлийн ногоог шуудай шуудайгаар нь сонгож авах хүмүүс байх аж.

Харин энэ худалдааны нэг давуу тал нь үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр шууд уулзаж байгаа явдал юм. Худалдан авагчид бүтээгдэхүүний үнэ, төрөл, гарал үүслийг газар дээр нь асууж, олон аймгийн бүтээгдэхүүнийг харьцуулан сонгох боломжтой.

Сэлэнгэ аймгийн залуу тариаланч О.Байгальмаа төмс хүнсний ногооноос гадна өөрийн бэлтгэсэн 32 төрлийн дарсан ногоог мөн худалдаалж байгаа аж.

Лангуун дээр шинэхэн ногоотой зэрэгцэн төрөл бүрийн өнгө, хэлбэртэй дарсан бүтээгдэхүүнүүд эгнэн байрлажээ. Тариалсан ногоогоо ургацын улиралд нь худалдаалахаас гадна боловсруулж, даршлан, хэрэглэгчдэд бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр хүргэж байгаа нь түүний худалдааны онцлог байв.

Ингэснээр тариаланчийн хөдөлмөр талбай дээр ургацаа хурааснаар дуусахгүй. Хураасан ногоогоо хэрхэн хадгалах, боловсруулах, савлах, улмаар хэрэглэгчдэд хүргэх вэ гэдэг нь ургацын дараа дараагийн шатны ажил болдог байна.

Үзэсгэлэнгийн талбайд зөвхөн хүнсний ногоо бус, аймаг орон нутгийн онцлогийг шингээсэн олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна. Нэг хэсэгт нь айраг цагаан идээ, нөгөө хэсэгт нь боловсруулсан хүнс, өөр нэг лангуунд шинэ ургацын бүтээгдэхүүн өрөөстэй.

Ингэснээр нийслэлийн хэрэглэгчид холын аймгийг зорихгүйгээр 21 аймгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцах боломж бүрджээ.

Ялангуяа шинэ ургацын ногооны хувьд энэ бол тариаланчдын бүтэн улирлын хөдөлмөрөө хэрэглэгчдэд хүргэх чухал үе. Хавар хөрсөнд суулгасан үр, зуны турш хийсэн арчилгаа, намрын ургац хураалт эцэстээ ийнхүү хотын хэрэглэгчдийн өмнө бүтээгдэхүүн болон ирдэг аж.

Тиймээс асар бүрийн цаана зөвхөн худалдаалагдаж буй бараа бус, нэг улирлын хөдөлмөр бий.

“Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2026”-ийн талбайгаар хэсэхэд нэг зүйл тодорхой харагдана. Тариаланчдын хувьд ургац хураалт бол ажлын төгсгөл биш. Харин түүнээс хойш бүтээгдэхүүнээ ангилах, боловсруулах, савлах, хадгалах, хэрэглэгчдэд хүргэх шинэ ажил эхэлдэг.

О.Байгальмаагийн 32 төрлийн дарсан ногоо үүний нэг жишээ. Талбайд ургасан ногоо шууд хэрэглээнд очихоос гадна боловсруулж, өөр төрлийн бүтээгдэхүүн болж, илүү удаан хугацаанд хэрэглэгчийн ширээнд хүрч болно.

Намрын ургацын өнгө, аймаг нутгийн онцлог, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр нэг дор төвлөрсөн худалдаа есдүгээрэнпп сарын 27-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.

Хавар тарьсан үр намар ургац болж, ургац нь бүтээгдэхүүн болон хэрэглэгчдэд хүрдэг. Харин тэр бүх хөдөлмөрийн эцсийн цэг нь энэ удаад Төв цэнгэлдэхийн асар бүрд төлөрчээ.

Улаанбаатарт 12 хэм дулаан, оройдоо бага зэргийн бороотой
Улаанбаатарт 12 хэм дулаан, оройдоо бага зэргийн бороотой
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!