ЭЕРЭГ: Фитнессээр хичээллэгч охид, залуусаар бахархъя

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 41 секунд

Өглөө сэрүүлэг дуугарахаас эхлээд ажил, хичээл, замын түгжрэл, уулзалт, гэрийн ажил гээд бидний өдрийн цаг хэдийнэ хуваарилагдсан байдаг. Харин энэ бүхний дунд өөртөө зориулах 1-2 цагийг хаанаас олох вэ. Фитнессийн заалыг зорьж буй залуусын хувьд тэр нэг цаг бол энгийн чөлөөт цаг биш өөртөө өгсөн амлалтаа биелүүлж буй цаг юм.

Хотын амьдрал хурдтай. Өглөө гэрээсээ гараад ажил, хичээлдээ явж, түгжрэл дунд цагийг өнгөрүүлсээр орой гэртээ харихад өөртөө зориулах цаг бараг үлдээгүй мэт санагдана. Гэсэн ч энэ хэмнэл дундаас өөртөө цаг гаргаж, фитнессийн заалыг тогтмол зорьдог залуус, охид олон болжээ.

Тэднийг хөлсөө гарган дасгал хийж байхыг хараад бид ихэвчлэн биеийн галбир, булчин, хассан жинг нь анзаардаг. Гэвч нүдэнд харагдах үр дүнгийн цаана харагддаггүй асар их хөдөлмөр бий. Өдөржин ажиллаж, хичээлдээ суусны дараа ядарсан ч заал руугаа явах шийдвэр. Амрахыг хүссэн ч дасгалаа алгасахгүй байх сахилга бат. Хэдэн долоо хоног хичээгээд хүссэн үр дүнгээ хараагүй ч үргэлжлүүлэх тэвчээр, хатуужил бий.

Зарим өдөр хүссэн жиндээ хүрэхгүй. Зарим өдөр өмнөхөөсөө ч муу дасгал хийж болно. Хүн юм чинь бүр больчихмоор ч санагдах үе ч гардаг биз. Гэхдээ тэд маргааш нь дахин эхэлнэ. Фитнессийн үнэ цэнэ ч магадгүй эндээс эхэлдэг байх.

-Өөртөө зориулсан нэг цаг-
Бид ажилдаа цаг гаргадаг. Хичээлдээ цаг гаргадаг. Гэр бүл, найз нөхөд, уулзалт, сошиал орчин гээд бусдад болон бусад зүйлд өдрийнхөө ихэнх цагийг зориулдаг. Харин хамгийн амархан хасчихдаг цаг нь өөртөө зориулсан цаг байдаг. Тиймээс фитнессийн зааланд өнгөрүүлсэн нэг цагийг зөвхөн дасгал хийсэн 60 минут гэж харахад учир дутагдалтай. Зарим хүний хувьд энэ нь өдрийн ачааллаас түр холдож, өөртэйгөө үлдэх, өөрийгөө хайрлах стрессээ тайлах боломж нь. Харин нөгөөд нь өөрийгөө дахин цэгцлэх орон зай байж болно.

Хүн бүр өөрийн гэсэн зорилготой. Фитнессээр хичээллэж буй хүн бүр зургаан булчинтай болохыг хүсдэггүй. Нэг нь жингээ хасахыг хүсэж байхад нөгөө нь хүчтэй болохыг зорьдог. Зарим нь эрүүл мэндийнхээ төлөө, зарим нь өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд дасгал хийдэг. Тиймээс хүний амжилтыг хажуугийн хүнтэй нь харьцуулж хэмжих боломжгүй. Нэг хүнд 5килограмм жин өргөх нь амархан байж болно. Харин өөр нэгний хувьд тэр 5 килограмм хэдэн долоо хоногийн хөдөлмөрийн дараах том ялалт байж мэднэ.

Өчигдөр 50 минут гүйсэн бол өнөөдөр 51 минут гүйх. Өмнө нь чадаагүй дасгалаа өнөөдөр нэг удаа хийх. Өчигдөр шантрахдаа гэртээ үлдсэн бол өнөөдөр зааландаа очих.

Өөрчлөлт ийм жижиг ялалтуудаас эхэлдэг. Бид үр дүнг хардаг, харин замыг нь тэр бүр хардаггүй. Сайхан галбир, хүчтэй бие, өөртөө итгэлтэй байдал гэнэт бий болдоггүй. Бид эцсийн үр дүнг нь хардаг ч түүнд хүрэхийн тулд хэдэн удаа ядарсан, хэдэн удаа шантарсан, хэдэн удаа “өнөөдөр өнжье” гэсэн бодлоо давсныг нь мэддэггүй. Завгүй өдрөөс өөртөө үлдээсэн нэг цаг, ядарсан ч хийсэн хөлийн дасгалаас эхлээд л...

Тиймээс фитнессээр хичээллэж буй залуус, охидыг хараад зөвхөн “Ямар гоё биетэй юм бэ” гэж бодохоос илүү “Өөрийнхөө төлөө тууштай хичээж чаддаг нь мундаг юм” гэж үнэлэх нь зүйтэй болов уу.

Өөртөө зориулсан нэг цаг бага мэт санагдаж болно. Гэхдээ тэр нэг цагт хүн зөвхөн биеэ хөгжүүлдэггүй. Өөрийгөө бас бүтээж байдаг.

Б.Баасанхүү дэлхийн чансааны 116-д жагсаж байсан бол 53 дугаарт эрэмбэлэгдлээ
Б.Баасанхүү дэлхийн чансааны 116-д жагсаж байсан бол 53 дугаарт эрэмбэлэгдлээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!