
Наадмын дараагаас монголчууд нийтээрээ "шинэхэн ажил"-тай болсон. Тэр бол шатахуунд оочирлох. Наадмын өмнөхөн салбарын сайд нь "Нөөц хангалттай бий. Бүү сандар" хэмээн тайвшруулж байсан ч түүнээс 10 гаруй хоногийн дараа л гэхэд нөхцөл байдал орвонгоороо эргэж, хээр хөдөөд хүртэл бензингүй иргэдийн "гацсан" дүр зураг бий болсон. Гэтэл эл дүр зураг эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хэдийгээр ОХУ-аас шатахуун тасралтгүй орж ирж байгаа таатай мэдээллийг албаныхан өгсөөр байгаа боловч бодит нөхцөл байдал дээр өнөөдөр ч иргэд шөнө оройгүй ШТС-уудын гадна оочирлон дугаарласаар өдрийг барж байна. Түүн дээр нэмэгдээд үнэ ч нэмэгдээд амжлаа.
Тэгвэл "хэвийн" статуст бүрэн шилжээгүй байгаа шатахууны нийлүүлэлт, үнэ зэрэг асуудлын хүрээнд өнгөрөгч нэг сарын хугацаанд салбарын сайд болоод албаныхан ямар шийдэл, "амлалт"-тайгаар ажиллав гэдгийг харуулж байна.
Сонирхолтой нь, салбарын сайд нь ч, ТНБД нь ч хамгийн сүүлд наймдугаар сарын 17-ны Даваа гарагаас хэвийн байдалд шилжинэ гэх "амлалт"-ыг өгсөн. Гэвч түүнээс нь хойш нэг долоо хоног өнгөрчихсөн гэдгийг дахин сануулъя.
